Эхлэл - Энтертайнмент - Гоо сайхан
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 6 сарын 21

Дасгал хийх есөн шалтгаан

Фитнесст байнга явж, дасгал хөдөлгөөнтэй байх нь таргалалтаас зугтах нэг гарц төдийгүй оюун ухаан, сэтгэл санаанд ч сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ. Байнгын дасгал нь гоолиг бие галбир, үзэмжтэй төрхөөс ч илүү чухал тухай “Huffington Post”-д нийтэлснийг хүргэе.

1. Эрүүл зүрх

Дасгал сургуулилалт хийх үед зүрхний цохилт хурдасч, цусан хангамж нэмэгддэг. Зүрх ч мөн нэг булчин учраас байнга дасгал хийснээр илүү хүчтэй, эрүүл болдог аж. Зүрх судасны өвчин дэлхийн аль ч улсад нас баралтын гол шалтгаан болсоор ирсэн. Тэгвэл фитнесст явж, алхаж, гүйх нь эрт нас барах магадлалыг ч бууруулдаг байна.

2. Ажлын бүтээмж
Биеийн дасгал хөдөлгөөнтэй зэрэгцэн ажлын бүтээмж өсдгийг эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Хүн дасгал хийж, биеийн булчингууд ажиллах үед тархи амарч байдаг аж. Түүнчлэн хөдөлгөөнөөс ялгарах эндорфин хэмээх бодис эрч хүч өгдөг учраас ажлын бүтээмж ийн нэмэгддэг.

3. Бат бөх яс
Дасгал хөдөлгөөн хийснээр яс улам бэхэждэг.

4. Эрүүл арьс
Дасгал хийсний дараа арьс хэт хөлөрдгөөс болж эвгүй үнэр гарах, нүүрэнд батга гарахаас олон хүн болгоомжилдог. Тэгвэл ихэнх хүн дасгалын дараа шүршүүрт орж, нүүрээ тусгай цэвэрлэгчээр угаадаг учраас энэ эрсдэл гардаггүй төдийгүй эерэг нөлөөтэй байдаг аж.

5. Эрч хүч
Байнга дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс ширээний араас босдоггүй нэгэнтэй харьцуулахад илүү эрч хүчтэйгээс гадна мэдрэлийн ядаргаанд орох эрсдэл хамаагүй бага гэнэ.

6. Сайн нойр

Долоо хоногт 3-5 удаа спорт танхимд хичээллэж эсвэл гүйдэг хүмүүс бусадтай адил хугацаанд унтсан ч нойрны чанар нь илүү байдаг. Учир нь тогтмол хөдөлгөөнтэй хүн хэвийн, жигд амьсгалдгаас гадна дасгал хийж, бага зэрэг сульдсан бие бөх гэгч нойрсдог байна.

7. Дархлаа сайжирна
Дасгал хөдөлгөөн, бүжиг, спортоор хичээллэх нь дархлааг сайжруулж, ханиад тэргүүтэй өвчний элдэв нянг эсэргүүцэж чаддаг.

8. Сарын тэмдгийн хэвийн мөчлөг
Биеийн тамирын танхимд байнга хичээллэдэг эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг алдагдах зовиур бараг байдаггүй.

9. Аз жаргалтай байдал
Үнэн хэрэгтээ дасгал хөдөлгөөн хийх, хол замд гүйх, хүнд төмөр өргөхөд хэн ч дуртай байдаггүй. Гэвч биеэ жаахан ч гэсэн зовоосны үр дүн нь үүнээс ч илүү байдаг тул хүмүүс ийн “хөдөлдөг” юм. Жин хэвийн хэмжээнд барьж, эрүүл чийрэг байхаас гадна дасгал хөдөлгөөн хийх үеэр тархинаас эндорфин буюу аз жаргалын даавар ялгардгийг судлаачид тогтоосон билээ. Өөрөөр хэлбэл байнга хөдөлгөөнтэй байдаг хүмүүс эрч хүч, урам зоригоор дүүрэн, аз жаргалтай байх магадлал бусдаас илүү юм.

Г.Хүслэн

Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/14382.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...