Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 10 сарын 5

“Сэвлэг шиг бүүвэй шиг” тоглолт болно

МУСТА Д.Намсрайноровын “Сэвлэг шиг бүүвэй шиг” тоглолт энэ сарын 10, 11-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. МУСТА Д.Намсрайноров хоёр жилийн өмнө энэ өдрүүдэд анхны бие даасан “Хонгор чамдаа” тоглолтоо хийж байсан юм.

Тэр цагаас хойш хоёр жилийн дотор туурвисан шилдэг дуунуудаас бүрдсэн “Сэвлэг шиг бүүвэй шиг” тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барихаар болжээ. Тус тоглолтын зохион байгуулагчаар “Дунд урт” продакшн, “Төв цэг” клуб ажиллаж байна.

Дуучин Д.Намсрайноров нь 2012 онд уран бүтээлийн олз омгоор дүүрэн байсан бөгөөд “Сэвлэг шиг бүүвэй шиг” цомгоо үзэгч, сонсогчдодоо хүргэжээ. Тус цомогт орсон “Нандин учрал, “Танхилхан чи минь”, “Түрүү магнай”, “Учралын цагаан үдэш”, “Эх нутаг” зэрэг хэд хэдэн бүтээлээ дүрсжүүлсэн байна. 

Д.Намсрайноровын талаар АЖ Л.Цогзолмаа “Жинхэнэ монгол дуучин” хэмээн ярьсан байдаг. Мөн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц “Ижий аавдаа хадаг дэлгээд барих тэр л хайрын зөөлөн мэдрэмжийг төрүүлсэн хоолойтой, дуулахыг нь сонсвол нутгийн сэвэлзсэн намуухан салхийг өөрийн эрхгүй дурсдаг” гэжээ. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монгол нутгаараа тойрон уулзалт хийж явах үед Д.Намсрайноровын дуу эгшиглэж байдаг. Тэр бол ард түмний дуучин. Миний ээж бас бүдүүн хөмсөгтэй хүүгийн дууг сонсоно гэдэг юм” гэсэн бол Х-ТҮЦ продакшны жүжигчин Л.Баттулга “Намсрайноров бол зохиолын дууны ханхүү юм” хэмээн ярьсан байдаг аж.

“Сэвлэг шиг бүүвэй шиг” тоглолтын ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч МУСТА Э.Батхүү, тайз дэлгэцийн засал чимэглэлийг “B Sound”, тайзны зураг дизайныг “Shine” студи хариуцан ажиллажээ. Мөн “Сэлэнгэ” пресс, “Химон констракшн”, “B sound”, “Практикал” даатгал, “Тэнүүн үйлст” ХХК, “Номин холдинг”, “Дэйсикс” спорт хувцасны брэнд, “Мишээл” экспо, “Жинсрэгт хайрхан” компаниуд хамтран ажиллаж, ивээн тэтгэгчээр оролцож байна.

Б.Ариунаа
Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/19341.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...