Эхлэл - Энтертайнмент - Хувцас загвар
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 2 сарын 6

Цагаан сарын гоёл

Энэ жилийн цагаан сарын дээлний загвар ямар байх талаар “Mila moda” загварын товчооны дизайнер Г.Сарангэрэл, “Mongol costumes” төвийн дизайнер Б.Балжинням нараас тодрууллаа.

Дизайнер Г.Сарангэрэл:

Энэ жилийн хувьд үндэсний загвар хүчтэй түрэн орж ирж байна. Тухайлбал, монголчуудын уламжлалт загвар буюу дээлэнд хүннү зах голлож байгаа. Босоо зах бол монголын загвар биш шүү дээ. Орчин үед босоо захыг монголчлоод оёж байгаа.  Дээлийн товч гэхэд мөн адил хятадын загвар. Монголчуудын эрт дээр үед өмсөж байсан дээл хувцсанд ямар ч товч байгаагүй. Дээлээ товчилдоггүй уядаг байсан. Энэ мэт үндэсний хувцсаа судлаад үзвэл маш их юм гарч ирнэ л дээ. Мэдээж ямар нэгэн хувцсыг хээ угалз чимж өгдөг. Бид голчлон үүлэн хээ, усан хээг ашигладаг. Хээг бүтнээр нь ашиглахгүй, санааг нь аваад загварыг нь зохиодог.


Дизайнер Б.Балжинням:


Уламжлалаа барьсан үндэсний загвар илүү голлож байна. Босоо зах хүннү захын аль аль нь уламжлалт загвар. Гэхдээ сүүлийн үед мөөрөлжин энгэртэй дээлийг хүмүүс ихээр сонирхдог болж. Ийм загвартай дээлний захиалга их ирж байгаа. Босоо захыг манжийн үеэс гаралтай гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ юм бүхэн хувьсан өөрчлөгддөг. Тийм ч учраас тодорхой хэмжээнд өөрчлөгдөж манай үндэсний хувцас загварт орж ирсэн.Түүнээс биш энэ манайх биш гэж үгүйсгэж болохгүй.  Яагаад гэвэл бидний өвөг дээдэс энэ загварыг уламжилж ирсэн юм.



Дизайнер Г.Сарангэрэл:

Өнгөний хувьд завсрын өнгө зонхилно. Цагаан, цагаан шаргал, тэнгэрийн хөх, саарал гэх мэт. Завсрын өнгөтэй дээлний захиалга голлож байна. Гэхдээ заавал эдгээр өнгө гэхгүйгээр хамгийн гол нь таны зүс царайнд тохирсон байх учиртай. Бас хэт тод, бүдэг өнгийн дээл өмсөх нь юу л бол. Ер нь өнгөний зохицолдлогоо маш чухал.

Дизайнер Б.Балжинням:

Монгол хувцасны өнгөний сонголт эрт дээр үеэс хүрээлэн байгаа орчин, байгаль, цаг уур, соёл, зан заншилтай холбогдож ирсэн. Тухалбал, хөх өнгийг тэнгэр, улаан өнгийг гал, ногоон өнгийг өвс ногоотой холбож бэлгэддэг. Энэ жилийн хувьд ихэвчлэн улаан, ногоон, хөх зэрэг тод өнгө моодонд орж байна. Гэхдээ бид тухайн хүний арьс, үс, нүдний өнгийг харж байгаад тохирсон өнгийг санал болгодог.

Дизайнер Г.Сарангэрэл:

Хүмүүс материалаа ихэвчлэн өөрсдөө авчирдаг. Манай салоны онцлог гэвэл зөвхөн үндэсний загварыг биш чөлөөт, өдөр тутмын загварыг голчилж авч үздэг. Тухайн хүн хувцасныхаа загварыг өөрчилье гэвэл манай салонд хандаж болно.

Дизайнер Б.Балжинням:

Манай загварын төв материалын хувьд өргөн сонголттой. Зөвхөн торго биш кашмер, даавуу, түүхий торго, солонгос, энэтхэг торго гэсэн материалаар хоршуулдаг. Өнгөний хувьд өөр өөрөөр хийнэ. Эдгээр материал биед эвтэйхэн.

Дизайнер Г.Сарангэрэл:

Үнийн хувьд загвараасаа шалтгаалж ханш нь тодорно. Дээлний үнэ 150- 250 мянгын хооронд байна. Ерөнхийдөө захиалагчдын тооноос шалтгаална. 7-10 хоногт бэлэн болгодог. Яаралтай захиалгыг 3 хоногийн дотор хийнэ.

Дизайнер Б.Балжинням:

Мэдээж загвар, оёдол, материал гээд бүгд үнийн дүнд багтана. Эмэгтэй дээл 300-350 мянган төгрөг, эрэгтэй дээл 300-450 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин малгайны хувьд 100-150 мянган төгрөг. Малгай материалаасаа хамаарч эмэгтэй нь 500-700 мянга, эрэгтэй нь 550-750 мянгын хооронд байна.  Дээлийг 10-15 хоногт бэлэн болгоно. Монголчууддаа хандаж хэлэхэд цагаан сараар монгол хүний бахархал болсон үндэсний хувцсаа, дээл биш гэхэд тодорхой хэмжээний үндэсний хэв маяг орсон, өнгө үзэмжтэй хувцас өмсөөрэй гэж уриалъя.

Т.Жанерке



Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/24750.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...