Эхлэл - Энтертайнмент - Дүрслэх урлаг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 10 сарын 8

Уран бичээч Л.Түвшинжаргал: Монгол бичиг сувинер болох ёсгүй

Уран бичээч Ц.Тамир, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Д.Баттөмөр нарын "Каллиграфийн урлаг" үзэсгэлэнгийн нээлт өчигдөр “976” арт галерейд боллоо. Үзэсгэлэнг Монголын орчин үеийн каллиграфийн холбоо хамтран зохион байгуулж байгаа билээ. Уран бүтээлчид гадаад, дотоодын уран бичлэгийн томоохон наадмуудад оролцож, үнэлэгдсэн, тус бүрийн нь бүтээл Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа юм. Тодруулбал, Д.Баттөмөрийн хувьд Монголын каллиграф буюу уран бичлэгийн урлагт зохиомж, сэдвийн шинэчлэлийг хийж чадсанаараа үнэлэгддэг бол Л.Түвшинжаргал цагаан бэхийн техникийг чадварлаг ашиглахаас гадна эрчимт таталтаар бүтээлээ туурвидгаараа онцлогтой.

Тэгвэл Ц.Тамирын ажлуудаас уран бичлэгийг орчин үеийн урлагтай хослуулсан аяс ажиглагддаг. Харин Д.Ганбаатаар уран бичлэгийн уламжлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ "Бичиг соёл" төвийг үүсгэн байгуулж, урлагийн энэ өвийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй.

Тус бүрнээ онцлог, арга барилтай эдгээр уран бүтээлчийн үзэсгэлэн Монголын өнөөгийн уран бичлэгийн өнгө төрхийг харуулах аж. Үзэсгэлэн урилгаар Австралийн Үндэсний галерейд 2014 оны зургадугаар сард дэлгэгдэх юм байна.

Үзэсгэлэнгийн үеэр уран бичээч Л.Түвшинжаргалтай цөөн хором ярилцлаа.

-Өнөөдрийн энэхүү үзэсгэлэнгээрээ Монголын ард түмэнд юуг харуулахыг зорьсон бэ?

-Дэлхий дээр 13 бичиг үсгийн соёлтой ард түмэн байдаг. Тэдгээрийн дотор дээрээс доошоо, баруунаасаа зүүн тийшээ бичдэг ард түмэн дэлхийд ганцхан байдаг нь монголчууд. Тэнгэрээс газар луу чиглэсэн тийм эрчимтэй утгыг илэрхийлсэн бичиг үсгийн соёлтой ард түмэн шүү дээ, бид. Ийм агуу ард түмний тасархай болсон бид монгол бичгээ төрийн бичиг болгох ёстой, урлаг болгох ёстой.

Гэтэл өнөөдөр монгол бичиг шүтээн байгаад дууслаа. Тиймээс шүтээн байлгаад байхгүй бүх ард түмний хэрэглээ болгомоор байна хэмээн зарим хүмүүс шүүмжилдэг л дээ. Миний бодлоор бид монгол бичгийг эхний ээлжинд  шүтээн байлгаж байж бүх хүмүүст хүрэх замыг  нээж өгч  чадна. Япон, хятад, солонгос зэрэг бичиг үсгийн соёлтой ард түмний дунд бийрэн бичиг буюу каллиграф гэдэг урлаг байдаг юм.  Тиймээс бид монгол бичгийг каллиграф талаас нь хөгжүүлэхийг зорьж байна.

Хүмүүст заавал монгол бичиг сур гэж даалгах биш каллиграфийн урлагаар дамжуулж мэдлэгийнх нь түвшинг тэлэх хэрэгтэй.

Монгол бичгийг зүгээр л сувинер болгоод ханандаа хадах биш монгол хүн монгол бичгээрээ бичих ёстой. Өөрөөр хэлбэл, монгол бичиг сувинер болох ёсгүй. Монгол хэл бичгийг Монгол Улсын төрийн бичиг болгох нь бол бидний туйлын зорилго.

-Тэгвэл та бүгдийн үзэсгэлэнгийн ялгарах гол онцлог нь юу вэ?

-Өнөөдрийн каллиграфийн үзэсгэлэнгээ би Монгол бичгийг урлаг болгож хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа дөрвөн хүний уран бүтээл гэж нэрлэмээр байна. Манайхны хэлдэг шиг од биш ээ. Бид зүгээр л энэ урлагийн төрөлд манлайлж яваа уран бүтээлчид.

Миний хувьд бичиг үсгийн соёлтой бусад ард түмний бичгийн техникээр зөндөө оролдож үзсэн. Цагаан бэхийн татлагын техникээр дагнаж уран бүтээлээ туурвидаг. 2007 онд Япон улсын уран зургийн галлерейд очиж үзэсгэлэнгээ гаргаж байсан.  Тэрхүү үзэсгэлэн маань цагаан бэхийн техник хэмээх гайхалтай бүтээл байдгийг бичиг үсгийн баялаг соёлтой ард түмний дундаас гаргаж ирж тавьснаараа  онцлогтой болсон гэж боддог. Цагаан бэхийн бийр техникийг монголын хөрс шороон дээр буулгах гэж  зургаа дахь жилдээ зүтгээд явж байна.

Саяхан бид анхны цасан дээр бичгээ тавьсан. Хүмүүс талархалтайгаар хүлээж авсан юм. Шинэ орсон цасанд мөрөө гаргах ямар сайхан байдаг билээ. Тэрэнтэй  шиг монгол бичиг маань бүх юмны эхлэл, шинэчлэл нь байгаасай хэмээн бэлгэдсэн гэх үү дээ. Монгол бичиг ямагт ариун цагаан байх ёстой.

-Цагаан бэхийн төрлөөр шавь төрүүлэв үү?


-Төрүүлж амжаагүй. Сонирхогчид их байна. Би цаг зав муутай учраас хүмүүст зааж өгөх боломж надад байдаггүй. Гэсэн ч үнэхээр сурья, судлая гэсэн хүнд би зааж өгөхөд үргэлж бэлэн байна. Харамсалтай нь монгол бичиг сурья гэж ирдэг хүн ганц ч байдаггүй. Дэлхий дээр 13-хан бичиг үсгийн соёлтой ард түмэн байдаг гэдгийг түрүүн дурдсан. Тиймээс монгол туургатан бид уйгаржин монгол бичиг, хуучин монгол бичиг гэж ярьж болохгүй. Ерөөсөө л монгол бичиг гэж хэлэх хэрэгтэй. Монгол бичиг маань хуучин ч биш, шинэ ч биш монголын ард түмний өв соёл юм.

-Та түрүүн Японд үзэсгэлэн гаргаж байсан тухайгаа ярилаа. Хэдэн оронд үзэсгэлэнгээ гаргаж байв. Дэлхийн ард түмэн яаж хүлээж авч байна вэ?

-Дүрс үсгийн хувьд монгол бичиг бол гайхалтай, тэр чигээрээ урлагийн бүтээл. Гадаадын ихэнх орнуудаар явлаа. Үзэсгэлэнгээ гаргаад явж байхад “Тэнгэр” гэсэн цагаан бэхийн таталбар каллиграф бүтээлийг маань хүмүүс их сонирхож байсан. Энэ нь ганц уран бүтээлч миний мундагт биш монгол бичгийн гайхамшиг шүү дээ. Австрид энэ бүтээлээрээ финалд шалгарч байсан. Манай зураачид дэлхийн ихэнх  орноор явж үзэсгэлэнгээ толилуулж байгаа.

2009 онд Солонгосын Чежү аралд зохиогдсон гурав дахь удаагийн Олон улсын Дельфийн наадам буюу дэлхийн урлагийн олимпт уран бичээч Д.Ганбаатар маань оролцож “Тэнгэр” бүтээлээрээ тэргүүн байрыг авч урлагийн олимпийн аварга болсон.

Монгол бичиг графикийн хувьд ч юм уу эстетикийн хувьд ерөөсөө урлагийн бүтээл. Эцэст нь дүгнээд хэлэхэд монгол бичиг заавал  төрийн бичиг болох ёстой. Монгол гэдэг үндэстэн байгаа нөхцөлд энэхүү бичгээ төрийн бичиг  болгож байж Монгол Улс маань хөгжин дэвжих болно. Босоо монгол бичиг мандтугай.

Зургийг энд дарж үзнэ үү
Т.Жанерке



Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/35689.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...