Эхлэл - Энтертайнмент - Дүрслэх урлаг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2014 оны 3 сарын 13

“Үлэмжийн чанар” үзэсгэлэнд саатаарай

Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд, Урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Баярт-Од нарын “Үлэмжийн чанар” үзэсгэлэн "976 арт галерей"-д  үзэсгэлэн үргэлжилж байна.



Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэхдээ бид энхрий чанар, гоо төрхийг нь нэн түрүүнд санадаг. Зүрх бүхэн түүнд дурлаж, дуу болгоныг түүнд зориулж, яруу үгс зөвхөн түүний тухай бодлоос ундардаг мэт.Адтай ааль, ялдам шинжийн нь цаана бүсгүй хүн бүрийн дотор хувиршгүй бат бэх хэрнээ аядуу зөөлөн хүч бий шиг санагдана. Бүхнийг гэрэлтүүлж, дотно дулаан болгох идтэй тэр хүчийг зураач Б.Баярт-Одын бүтээлүүд мэдрүүлнэ. Монгол зургийн аргаар туурвисан түүний зургуудад талын монгол айлын өдөр тутмын амьдрал, нүүдэлчдийн ахуй үзэгддэг. Харин тогтож ажваас магад өдөр бүр нэг л янзаар үргэлжлэх тэр хэмнэл сэтгэл татмаар тайван, энгүүн санагдах бөгөөд гагц эмэгтэй хүн ийм байдлыг авчирдаг хэмээн тэрбээр зургуудаа тайлбарласан юм. Тод өнгөөр гэрэлтсэн түүний бүтээлүүдэд монгол бичгээр бичсэн үгс ч цөөнгүй үзэгдэх нь монгол газар шороо, өв соёлыг бэлгэдэж буй хэрэг аж.



Тэгвэл төрийн соёрхолт Ц.Цэгмэдийн 2013 оны сүүлч үе, 2014 оны эхэнд хамаарах шинэ бүтээлүүдэд эмэгтэй хүний дүр гол байр суурьтай байна. Ингэхдээ хөрөг маягаар зурах бус, харин эмэгтэй хүний биеийн тус хэсгүүдийг дүрслэн өөрийн “нэрийн хуудас” гэж хэлж болох хадны сүг зураг, эртний бэлгэдэлт дүрс, хээ угалзаар баяжуулжээ. Тэдгээр бүтээл дэх эмэгтэй хүний биеийн хэсгүүд байгалийн нууцлаг гоо сайхныг бэлгэдэх мэт. Тухайлбал гоолиг нурууны хар цагаан гэрэл зураг мэт дүрслэл тэргэл сартай шөнийг санагдуулах бол бумбан хөхөөр элсэн манхан эсвээс дов толгодыг төлөөлүүлсэн шиг. Дүрслэлээс гадна зураач төрөл өнгөнүүдийг хооронд нь сүлсний дүнд үүсгэсэн холилдсон шинэ өнгөнүүд нь зүүд мөрөөдлийн аяс мэдрүүлнэ.



Үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.



Т.Жанна




Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/42811.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...